Different Waters Contact
site icon, link to home page

Тааруу орчуулагч болох би бээр орчуулгын тухай эргэцүүлэн бодох нь

2019-10-03 (last update 2019-10-10)

Би 50 орчим жил орчуулгын ажил хийж байна. Орчуулагчийн сайн мууг яаж ялгах вэ, орчуулгын шинж чанар, холбоо хамаарлын талаар ож мэдэж, ажиглалт хуримтлуулсан бага сага туршлагадаа тулгуурлан энэ сэдвийг бичиж байя.

Гадаад хэл сурах тусламж

Бусад үеийнхэнтэйгээ адилхан, би дунд сургуульд гадаад хэл сурах үедээ орчуулгатай танилцсан. Тэр үед гадаад хэл заах нэг арга бол орчуулгыг загварчилж хийлгэдэг байсан. Энэ талын дасгал үг нэг бүрийн утгыг нь ойлгож, мэдэж байгаа хэлзүйн бүтцийг ашиглан уялдаа, холбоотой өгүүлбэрийн утгыг ойлгож авахад үгчилсэн орчуулга тусалж байсан.

Энэ сурах аргад дутагдал байсан хэдий ч, ямартаа ч гэсэн гадаад хэлийг үндэс сууриар нь ойлгоход тустай арга байсан. Энэ нь гадаад хэлний хэлзүйн бүтцийг ерөнхийлөн ойлгох болон бага зэрэг болхи ч гэсэн гадаад хэлээр өгүүлбэр зохиох загвар болдог байсан. Тиймээс ахлах сургуульдаа би герман хэлний өгүүлбэрийн бүтцийн дарааллаар нь англи үгийг байршуулан тогтоодог байсан билээ. Их сургуульд орсны дараа би япон хэлийг хэрхэн холбогддогийг ойлгохоор өгүүлбэрийг нь задлахад нэлээд цаг зарцуулдаг байсан. Сурсан аргаараа япон хэлний бүтцээр англи хэлийг махчлан орчуулсан нь их хачин англи өгүүлбэр болдогсон. Харамсалтай нь би сурсан энэ зуршлаасаа ангижрахгүй байгаа болохоор, орчуулгын түвшингээ өсгөхөд үргэлж саад болсоор байх юм.

Hattori Shiro
Хаттори Широо

Хүмүүнлэгийн ухааны бакалаврын дипломын ажлынхаа хүрээнд би хэл шинжлэлийн хоёр өгүүлэл орчуулсан нь жинхэнэ орчуулга хийх, анх удаагийн ултай оролдлого болсон. Нэг нь структуралист (бүтэцзүйн хэл шинжлэлч) болох Хаттори Широо (Hattori Shirō)-гийн дайны дараа бичсэн зүйл байсан. Нэр томъёог нь оновчтой орчуулахаас бусад нь тийм ч хэцүү байгаагүй. Нөгөө нь уламжлалт хэлзүйч болох Хашимото Шинкичи (Hashimoto Shinkichi)-гийн 1930-аад оны үед бичсэн өгүүлэл байсан. Хашимото бол япон хэлзүйн дүрмийг зохиож энэ нь сургууль болон олон нийтэд хэрэглэгддэг болсноороо алдартай хүн. Харин тэр үеийг хүртэл, би иймэрхүү таруухан өгүүлбэр, цулгуй, амт шимтгүй өгүүлэх аргатай ерөөсөө тааралдаагүй байсан. Орчуулахаар хичээж байхдаа би өгүүлбэрзүйг нь задлан ялгаж, махчлан орчуулах гэдэг хуучин аргаа авч ашиглахаас өөр аргагүй байсан. Мөн өгүүлбэрзүйг нь задалж чадсан ч, англиар ойлгомжтой, сайн сэтгэгдэл төрүүлэх өгүүлбэр бичих нь маш их хэцүү байсан. Одоо ч гэсэн тэр орчуулгыг харах болгондоо ичиж санаа зовдог.

Hashimoto Shinkichi
Хашимото Шинкичи

Анхны ажил

Би Японы их сургуулиа төгссөний дараа Токио дахь Австралийн элчин сайдын яаманд орчуулагчаар орж анх удаа жинхэнэ орчуулагчийн ажил хийх болсон. Тэр ямар ажил вэ гэвэл, үдээс өмнө Японы сонины өгүүллүүд англи хэл рүү орчуулж, үдээс хойш элдэв янзын материал орчуулдаг байсан. Орчуулсан сонины өгүүллүүдийг элчин сайдын яамны холбогдох тасгийн түшмэлүүд эх орныхоо яаманд лавлах материал болгон хэрэглэдэг байсан гэнэ.

Тэр үед, Австралийн элчин сайдын яамны сонины орчуулга Америкийн элчин сайдын яамныхаас нь хамаагүй сайн гэдгээр бахархдаг байсан. Америкийн элчин сайдын яамныхны орчуулсан орчуулга нь эхийг нь үгс, бүтцээр нь үгчлэн орлуулсан нь орчуулга гэж нэрлэхэд бэрх байсан юм. Харин энэ орчуулах арга бодыт үндэслэлтэй байсан. Энэ юу вэ гэвэл, япон хэл мэддэг Америкийн түшмэл тэр орчуулгыг уншвал япон хэлний эх дээр юу хэлж байгааг нэлээн зөв зүйтэй ойлгож чаддаг байсан. Америкийн элчин сайдын яаманд эхийн утгыг нь бүдэгрүүлэх гоё англи хэл бус, махчилсан орчуулга хэрэгтэй байсан.

Манай орчуулга Америкийн элчин сайдын яамныхаас илүү уншуургатай байсан ч гэсэн, заримдаа эх дээр байхгүй зүйлийг нэмж бичдэг байсан нь хачирхалтай. Жишээ нь тухайн үеийн Австралийн ерөнхий сайд талийгаач Боб Хоук байсан. Японы сонинд ер нь 豪ホーク首相 Gō Hōku shushō 'Австралийн Хоук ерөнхий сайд' гэж бичдэг байсан ч манай нэг орчуулагч маш хүндлэн эхэд байхгүй 'the Prime Minister of Australia the Hon. Robert James Lee Hawke' болох 'Австралийн ерөнхий сайд эрхэм Робэрт Жээмс Лий Хоук' гэж орчуулж байсан.

Орчуулагчийн хувьд, би япон хэлний өгүүллийн агуулгыг аль болох харуулангаа зөв найруулгатай англи хэлээр илэрхийлэх зорилготой байсан. Би тогтсон хэлбэртэй Японы сонины өгүүллийн найруулга уншихад дадлагажсан учраас, өмнө нь хийсэн орчуулгуудаас илүү дэвшилтэй байсан гэж бодож байна.

Орчуулга хийхэд би хоёр зүйл дээр анхаарлаа хандуулж байлаа.

Нэгд нь техникийн үг хэллэг, байгууллагын нэр гэх мэт нэр томъёог зөв оноон тогтмол хэрэглэх зорилготой байсан. Хамт ажиллагсдын аажмаар бүрдүүлсэн үгсийн тайлбар болон тэр үеийн хоёр хэлний нэр томъёо, үг хэллэгийн толь бичгүүд надад зайлшгүй шаардлагатай хэрэгсэл байсан.

Байгууллагын нэрийн энгийн жишээ гэвэл, тухайн үед 通商産業省 tsūshō sangyō-shō (товчилсон нэр 通産省 tsūsan-shō) гэдэг яам байсан. Тэр яаманд Ministry of International Trade and Industry ('олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яам', товчилсон нэр 'MITI') хэмээх тогтсон англи нэр байсан. Орчуулагч дураараа Department of Trade and Industry ('худалдаа аж үйлдвэрийн хэлтэс') шиг өөр үгээр орчуулбал, унших хүмүүс өөр байгууллагыг зааж байгаа гэж бодно.

METI
METI

(2001 онд MITI経済産業省 keizai sangyō-shō, товчлон нэр 経産省 keisan-shō, гэж шинээр нэрлэсэн. Англиар Ministry of Economy, Trade and Industry — 'эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам' ('METI') гэдэг.)

Текникийн үгсийн жишээ гэвэл, цахилгааны үүсгүүрт ашигладаг нүүрсийг монголоор 'эрчим хүчний нүүрс' гэдэг. Энэ зүйлийн нүүрсийг японоор 一般炭 ippan-tan, бичсэнчлэн хэлбэл 'жирийн нүүрс' гэдэг. Англиар 'steaming coal' ('уур гаргах нүүрс') эсвэл 'thermal coal' ('дулааны нүүрс') гэж орчуулах хэрэгтэй.

цахилгаан станц
Нүүрсээр ажилладаг цахилгаан станц (Wikimedia)

Тохирсон мэргэжлийн үгийг хэрэглэх нь чухал гэдгийг эрүүл ухаанаар ойлгох чадваргүй хүмүүс бас байгаа. Олон жилийн дараа нүүрсний төрлийг огт мэдэхгүй нэг компанийн орчуулагчийг япон, хятад түншлэгчдэд орчуулга хийж байгааг би сонссон. Японоор 'эрчим хүчний нүүрс'-ийг 一般炭 ippan-tan ('жирийн нүүрс') гээд, хятадаар 动力煤 dònglì-méi ('хөдөлгөгч хүчний нүүрс') эсвэл 电煤 diàn-méi ('цахилгааны нүүрс') гэдэг. Харин тэр орчуулагч яг ижил утгатай гэдгийг анзаараагүй, хоёр талын үгийг махчлан орчуулж байсан. Тийм учраас, хэлэлцээ нь

    Япон тал: Богино хугацааны эрчим хүчний нүүрсний зах зээлийг яаж харах вэ?

    Хятад тал: Бид нар эрчим хүчний нүүрсний үнэ нь бууна гэж бодож байна.

гэж ярих байсныг

    Япон тал: Богино хугацааны жирийн нүүрсний зах зээлийг яаж харах вэ?

    Хятад тал: Бид нар хөдөлгөгч хүчний нүүрсний үнэ нь бууна гэж бодож байна.

гэж ярьснаас болж талууд андуу ойлголцож магадгүй байсан. Аз болоход хоёр тал нүүрсний худалдааг нэвтэрхий мэддэг байсан болохоор эндүүрэл гараагүй.

ган хайлах зуух
Кобе ган төмөрийн компанийн ган хайлах зуух (Steel 360)

Дашрамд хэлэхэд, коксжих нүүрсийг англиар 'coking coal' ('коксжих нүүрс') эсвэл 'metallurgical coal' ('металлургийн нүүрс'), японоор 原料炭 genryō-tan ('түүхий эдийн нүүрс'), хятадаар 炼焦煤 / 焦煤 liánjiāo-méi / jiāo-méi ('коксжих нүүрс / коксын нүүрс') эсвэл 冶金煤 уějīn-méi ('металлургийн нүүрс') гэдэг.

Хоёрт нь, эхийн бүтэц, үгийг хэтэрхий мөрдсөнөөс болсон эв дүйгүй өгүүлбэрийг жигдхэн уянгалаг өгүүлбэр болгох зорилготой байсан. Хашимото Шинкичигийн өгүүллийг орчуулсан үедээ ухаарсан шиг, япон хэлний өгүүлбэрийг англи хэл рүү орчуулахад байнга амаргүй байдаг. Махчлан орчуулсан болхи бүтцийг сайжруулж, өгүүлбэрийн хэлбэрийг англи хэлний хэлбэрт оруулж өөрчлөх шаардлагатай.

Жишээлбэл, тухайн үеийн томоохон асуудлын тухай Японы сонины оршилд байнга гол санааг нь өмнө нь суурь мэдээлэл болгон тодотгол гишүүн өгүүлбэрийн хэлбэрээр оруулдаг. Жишээ нь, дараагийн тодотгол гишүүн өгүүлбэрээр эхэлсэн өгүүлэл их түгээмэл байсан:

    АНУ, Японы харилцаанд маш том маргаантай сэдэв болсон үхрийн мах, жүржийн асуудалтай холбогдуулан, Японы хөдөө аж ахуйн сайд өнөөдөр [....] гэж хэллээ.

Англи руу үгчлэн орчуулбал жаахан болхи өгүүлбэр болсон боловч би дандаа эхийн өгүүлбэрзүйн бүтцийг баримталж орчуулсан. Гэвч манай нэг орчуулагч үүнийг ингэж орчуулсан:

    Үхрийн мах, жүржийн асуудал АНУ, Японы харилцаанд маш том маргаантай сэдэв болжээ. Японы хөдөө аж ахуйн сайд өнөөдөр [....] гэж хэллээ.

Тийнхүү орчуулж тодотгол гишүүн өгүүлбэрийн болхи найруулгаас зайлсхийж чадсан. Харин энэ орчуулга сонины нэгдүгээр өгүүлбэрт бүх өгүүллийн гол санааг илэрхийлэх шаардлагатай гэдэг англи хэлний сэтгүүл зүйн гол дүрмийг зөрчсөн. Энэ өгүүллийн сэдэв 'үхрийн мах, жүржийн асуудал маш том асуудал болсон' бус, Японы хөдөө аж ахуйн сайд энэ асуудлын тухай саналаа илэрхийлсэн гэдэг нь байсан.

Эдүгээ японы сонины бичих арга англи хэлний бичих аргыг аваад иймэрхүү маягийн оршил их бага хэрэглэх болсон болохоор энэ орчуулгын асуудал бас бага болсон.

Түүнчлэн 'хэт даврагч', 'алан хядлага', 'даяарчлал', 'дэлхийн дулааралт', 'цаг уурын өөрчлөлт' гэх мэт шинээр дэлгэрсэн илэрхийллүүдэд тодорхой, товчхон, ойлгомжтой дүйх үг олох нь бас чухал ажил байсан. Энэ талд өнөөгийн нэр томъёо, үг хэллэгийн толь бичиг ч маш их хэрэг болов.

1980-аад онд Японы засгийн газар эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд, эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрлэлийн тоог цөөрүүлэх болон хаах бодлогыг батлан хэрэгжүүлсэн. Энэ үйл явцыг японоор 合理化 gōri-ka ('оновчтой болгох') гэж хэлдэг. Тухайн уед Англи, Америкт ч улсын үйлдвэр байгууллагын үр ашиг муутайн учраас, нийт эдийн засгийнхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд хувьчлах ёстой хэмээх үзэл бодол эрч хүчтэй өрнөж байсан. Зах зээлийн үр ашиггүй талыг сайжруулахын төлөө, хүнд суртлыг халж, татварын хувь хэмжээг бууруулж, төрийн байгууллагуудын хувьд, илүүдсэн тасаг, ажлын байрыг цомхотхож, мөн компанийн хувьд илүүдсэн үйлдвэр, ажлын байрыг цомхотхох хэрэгтэй байсан. Энэ үйл явцыг японоор ч 合理化 gōri-ka гэж хэлсэн. Харин Англи хэл рүү 合理化 gōri-ka-г яаж орчуулах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Махчлан орчуулбал 'rationalise' ('оновчтой болгох') болно. Англи, Австралид эдийн засагчдийн үзэл суртлыг шууд илэрхийлэхэд 'rationalise' ('оновчтой болгох') түгээмэл хэрэглэгддэг байсан. Харин Америк хүмүүст 'оновчтой болгох' гэдэг нь их хачин сонсогддог байсан юм шиг байна. Америкт дээрх санааг илэрхийлэхэд 'streamlining' ('шувтан хэлбэртэй болгох') гэдэг үг хэрэглэгддэг байсан. Шувтан хэлбэр гэдэг нь 'илүүдсэн юмыг хасах' гэдэг утгатай бөгөөд энэ гоё илэрхийлэл нь тэр үеийн нэр томъёо, үг хэллэгийн толь бичигт Америк маягийн 'streamlining' гэдэгтээ дүйж байсан. Харин би Австрали заншил ёсоор 'rationalise' ('оновчтой болгох')-ыг хэрэглэсээр л байсан.

hollowing out
Kūdōka-гийн тухайн хурал

Tухайн үед зардлаа хэмнэх зорилгоор японы компанууд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ гадаад руу нүүлгэн шилжүүлэх хандлагатай болсон. Энэ үзэгдэлийг японоор 産業空洞化 sangyō kūdōka ('аж үйлдвэрийн хоосрол') гэдэг. Манай нэг орчуулагч kūdōka-гийн хамгийн зөв зүйтэй дүйх үг бол 'deindustrialisation' ('үйлдвэргүй болох') хэмээн санал тавьсан. Одоо ч гэсэн аль алийг нь хэрэглэсээр л байна. Гэхдээ kūdōka ер нь Амэрикийн 'hollowing out' ('хоосрол') гэдэг үгийг япон хэл рүү орчуулсан хэлбэр. Харин тэр үеийн дэлгэрсэн илэрхийлэл болох'аж үйлдбэрийн хоосрол' нь илүү тохиромжтой байсан байж магадгүй.

Нэг үе би өөр орчуулагчидтай хамт орчуулгын судалгааны бүлэгт оролцож, орчуулагч хүний мэдэх ёстой арга барилд суралцдаг байлаа. Эндээс би олон тустай шинэ юм сурч авсан юм. Одоог хүртэл Chris Holmes-ын инээдэмтэй анхааруулгыг мартаагүй явна. Япон хэлэнд mo (монгол хэлний 'ч'-тэй адил) гэдэг үг маш их хэрэглэгддэг. Харин mo-г гарах болгонд 'also, even' гэж орчуулбал байнга хачин англи өгүүлбэр болдог. Chris Holmes япон хэлний өгүүлбэрийг орчуулахдаа mo-г тоохгүй байх тусам, mo чамд илүү их хайртай болно шүү гэж хэлж билээ. Энэхүү арга барил нь орчуулагчийг үгчлэн орчуулахаас холдуулах зорилготой байсан нь ойлгомжтой.

Цочирдол

Тэгээд нэг өдөр элчин сайдын яамны хөдөлмөрийн хэргийн зөвлөх намайг хажуу тийш нь дагуулж яваад, миний орчуулсан юмыг гоё англи хэл болон япон маягийн хачин англи хэлний холимог гэж хэлэхэд, энэ нь надад маш том цочрол болсон. Зөвлөх орчуулсан өгүүллийг минь хамт гүйлгэн харж олон хэллэг зааж анхааруулсан. Тус японы сэтгүүлчийн бичсэн өгүүллийн сэдэв бол Австралийн удирдлага болон ажилчдын хоорондох харилцааны систем ба нөхцөл байдлын тухай байсан. Зөвлөх нэг хэллэгийг зааж, энийг 'path of industrial harmony' гэж орчуулах ёстой гэсэн.

Үүнийг махчлан орчуулбал, industrial relations 'аж үйлдвэрийн харилцаа' гэсэн үг. Харин Англиар 'industrial relations' нь ажил олгогч ажилчдын (бодытоор хэлбэл компани болон үйлдвэрчний эвлэлийн) хоорондын харилцааг заадаг. 'Path of industrial harmony' ('ажил олгогчдын ажилчдын хоорондын эв найрамдлын зам') бол тэр үеийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний, аль болох ажил хаялтаас зайлсхийж ажил олгогчтой эв найрамдалтайгаар хэлэлцэх гэсэн бодлого. Тухайн үед Австралид байнга болдог байсан хөдөлмөрийн маргаан алдартай байсан болохоор япон компанууд Австрали руу хөрөнгө оруулах эсэхдээ эргэлздэг байсан нь шийдвэр гаргахад их муу нөлөөтэй болсон.

industrial relations

Тэр сэтгүүлч 'path of industrial harmony'-г яаж илэрхийлснийг, би яаж англиар бичсэнээ мартсан байна. Харин японоор 'industrial relations'-ыг 労使関係 rōshi-kankei, яг 'ажилчин ажил олгогч хоёрын харилцаа' гэж хэлдэг учраас, би шууд 'management-labour relations' ('удирдлага хөдөлмөрчид хоёрын харилцаа') гэж махчлан орчуулсан байх. Миний хувьд Австралийн уншигчдад япон хэлний хэлбэр, утгыг дамжуулах зорилготой байсан. Нөгөө талд манай зөвлөхийн үзэл бодлоор бол энэ орчуулга нь маш тохиромжгүй юм байсан бололтой. Яагаад гэвэл, тэр зөвлөх япон сэтгүүлчийг Австрали руу явуулах ажилд оролцсон байж магадгүй бөгөөд заавал Австралийн холбогдох хүмүүст ажлаа сайн хийж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлмээр байсан байх аа. Тэр зөвлөх 'Policy of peaceful labour-management relations' ('ъудирдлага хөдөлмөрчид хоёрын харилцааны эхн тайванг бодлого') гэдэг япон маягийн хачин англи хэлийг Австралийн холбогдох хүмүүст лав үзүүлмээргүй байсан бололтой.

Тэгээд би нэг чухал юм ойлгосон. Миний орчуулах арга Америкийн элчин сайдын яамнаас тийм ч ялгаагүй байсан гэж. Орчуулсан өгүүлбэрийг болхи бус болгохоор засаж, уншуургатай юм болгохын төлөө хүч чармайлт гаргасан ч, эхийн утгыг онож илэрхийлж, уншигчиддаа дамжуулахыг гол зүйл гэж бодож байсан. Австралийн уншигчдад гоё хувцасласан орчуулга бус, японы уншигч ямар сэтгэгдэл авахыг дамжуулах нь гол зорилго гэж бодож байсан. Миний тэр санаа буруу байжээ.

Шантарч байсан надад өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэх итгэл маань хэдэн жилийн дараа өмнө нь төгссөн Австралийн их сургуульдаа очих үед хамгийн анхны япон хэлний багштай уулзсан үед бүрэн мөсөн ул мөргүй боллоо.

Тэр багш хэлэхдээ "Бид нар орчуулгын хичээл дээр чиний элчин сайдын яаманд байхдаа орчуулсан орчуулгыг дандаа хэрэглэдэг байсан" гэсэн.

"Тийм үү?"

"Харин тийм. Чиний орчуулсан юм эхтэйгээ ойролцоо байсан учраас япон хэл рүү орчуулахад нэлээд амархан байсан шүү дээ" гэж билээ.

Австралийн оюутан Англиас япон хэл рүү шууд орчуулж чадах англи хэлний текст нь багшийн хувьд маш сайн материал байсан ч, орчуулагчийн хувьд махчлан орчуулах хэмээх ноцтой дутагдлаасаа ангижраагүй гэсэн үг байсан.

Өөр ажил

Би элчин сайдын яамны ажлаасаа гадна зарим өөр ажлын туршлагатай болсон. Токиогийн тусгай зөвшөөрөл (патент) өмгөөлөгчийн газарт түр ажил хийж үзэхдээ өөрөө патент орчуулаагүй боловч, хүний орчуулгыг засахдаа патентын орчуулгын нарийн шинж, чанга шаардлагыг ухаарсан. Патентын өгүүлбэр нь өөрсдийн зохион бүтээсэн зүйлийн онцлогийг нарийн тайлбарлахаас гадна хуулийн баримт бичиг болохоор эхнээсээ яльгүй л зөрвөл өндөр хохирол гарах боломжтой байсан.

Мөн нэг хэсэг хугацаанд би телевизийн студид мэдээллийг японоос англи руу орчуулж унших ажил ч хийж үзсэн. Мэдээлэл нь уншихад амархан, сонсоход аятайхан байх шаардлагатай. Нэг хамт ажилладаг япон хүний япон хэлийг түвэггүй, аятайхан англи хэл рүү хялбархан орчуулдаг чадварыг нь би машид биширсэн. Харин би шал ондоо. Би хичнээн хичээсэн ч зуршлаасаа бүрэн ангижраагүй байсан юм.

"Жинхэнэ ажил" олсон нь

Би бусдын нүднээс далд тийм ч их үнэлэгдэхгүй орчуулгын ажил хийж байхдаа, нийгэм дээр идэвх зүтгэл гаргаж улс болон байгууллагадаа их хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийг хараад үргэлж атаархаж байсан. Тэгээд, хэдэн жилийн дараа би зүрхээ чангалж "жинхэнэ ажил" олж элчин сайдын яамаа орхисон. Олсон ажлын байр маань бол Токио дахь зах зээлийн судалгааны компаний судалгааны ажил хариуцсан менежер. Хэлний тодорхой хэв маягийг дагаж бичсэн судалгааны тайлангаас гадна би үйлчлүүлэгчийнхээ төлөө Японы улс төр, эдийн засаг, нийгмийн талаар илтгэл бичдэг байсан. Би энэ ажлынхаа төлөө нийтлэл орчуулж байсан боловч, эхийг нь нарийн орчуулах шаардлагаас чөлөөлөгдөж, үйлчлүүлэгчийг сонирхоно гэж бодсон янз бүрийн мэдээллийг тодруулахад зорьсон юм. Одоо бодоход энэ нь орчуулгын ур чадварыг минь сайжруулсан болов уу гэж бодож байна. Харин одоо ч гэсэн сайн мэдэхгүй байна.

Хятад руу явсан нь

Japan to China

Дөрвөн жилийн дараа би Японы үзэсгэлэнт эргээс Хятадын өргөн уудам нутаг руу явахаар шийдлээ. Нэг жил хятад хэл сурсны дараа би нэг компаний 'даргын туслахаар' ажлын байр олов. Хятадад байхдаа бүхэлдээ дөрвөн компанид ажилласан. Миний дээд тушаалтан бол зарим нь хятад хүн, зарим нь япон хүн, нэг нь ирланд иргэншилтэй пакистан хүн байсан. Хэдийгээр хятадад мэргэжлийн орчуулга руу хэзээ ч эргэж ороогүй ч гэсэн, би ажиллахдаа ихэвчлэн хятад-англи, япон-англи, англи-хятад, япон-хятад, заримдаа хятад-япон хэлээр орчуулах үүрэгтэй байсан.

Ажил дээрээ заримдаа гэрээ орчуулах шаардлагатай байсан. Гэрээ орчуулахдаа мэргэжлийн сэтгэгдэл төрүүлөх хуулийн маягийн үгс, утгыг нь зөв илэрхийлэх хэрэгтэй байдаг. Азаар, миний орчуулга ихэнхдээ дотоод лавлагаанд зориулж байсан тул би хууль ёсны баримт бичгийн хамгийн хатуу чанга шаардлагаас чөлөөлөгдсөн.

Зочид буудлын олон нийттэй харилцах ажил дээрээ би зар сурталчилгааны материал, үйлчлүүлэгчдээ зориулсан тайлбар, рестораны цэсийг хүртэл орчуулах хэрэгтэй байсан. Энэ зүйлийн орчуулга болгонд тодорхой зорилго байсан юм. Зар сурталчилгааны материал зочид, үйлчлүүлэгчдийг татаж зочид буудлын уйлчилгээ, төхөөрөмж, цогцолборыг хэрэглүүлэх зорилготой байсан. Цэс уншуулж зочид буудлын ресторанд хоол идэх хүслийг нь татах хэрэгтэй байсан. Өрөөний сэйф гэх мэтийн тоног төхөөрөмжийг яаж хэрэглэх вэ гэдэг тайлбарыг ойлгоход амархнаар илэрхийлэх хэрэгтэй. Энэ зорилгод үгчлэн орчуулах нь тохиромжтой биш.

Үүнээс гадна надаар албан тушаалаа орхисон гадаад улс төрчдөд япон-англи хэлний орчуулга зарим үед хийлгэдэг байсан. Нэг удаа гадаадын улс төрч 'entrenched attitudes' гэдэг үг хэллэгийг хэрэглэсэн. Монгол хэл рүү үгчлэн орчуулбал 'бугшсан хандлага' гэдэг утгатай. Миний ой будилаагүй бол, тэр хүн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд тухайн орны бага ястан хийгээд гадаад хүнийг ялгаварлан гадуурхах үзэл гэдэг утгаар хэрэглэсэн билээ. Англиар энэ төрлийн хандлагыг 'prejudice' ('эчнээ бодол, үнэмшил, үзлээр ялгаварлах') гэдэг. Харин тэр улс төрч 'prejudice' гэдэг үгээс илт зориудаар зайлсхийж байсан. Харамсалтай нь тэр үед би 'entrenched attitudes' ('бугшсан хандлага') хэмээх цээрлэн илэрхийлэх үгийг шууд санаж чадаагүй, яг 先入観 sennyūkan ('буруу төсөөлөл, атгаг санаа, итгэн үнэмшил') гэж орчуулсан билээ. Тэр хүний санааг бодвол, 先入観 sennyūkan тохиромжгүй үг байсан байх. Google Translate харвал 'entrenched attitudes' ('бугшсан хандлага')-ыг японоор 定着した態度 teichaku shita taido ('байршсан хандлага') гэж байна. Харин энэ хэллэг ч тэр хүний санааг бүрэн зөв зүйтэй илэрхийлсэн гэж би одоо ч гэсэн бодохгүй байна.

Японы улс төрч ихэнх нь үлбэгэр, амт шимтгүй, хэвд оруулсан үгээр ярьдаг онцлогтой харьцуулбал англи хэлтний улс төрч ерөнхийдөө хурц, тод ярих хэвшилтэй. Нэг удаа, миний орчуулсан үг тус гадаад улс төрчийн хэлсэн утгыг нь зөв дамжуулж байгаа эсэхийг батлахаар орчуулсан агуулгыг дахиад англи хэл рүү орчуулсан. Тэр хүн "би энэ хэлбэрээр илэрхийлээгүй шүү" гэсэн боловч утгыг нь ойролцоо гэж хүлээн зөвшөөрсөн юм. Улс төрчийн хэллэгийн нарийн ялгааг онож илэрхийлэх нь хэцүү болохоор энэ бол орчуулагчийн чадварыг сорьдог ажил. Тийм болохоор би олон улсын удирдагчдад орчуулга хийх хүмүүсийн орон тоонд ажилламааргүй байна.

Өөр зүйлийн орчуулга

Хожим нь миний ажиллаж байсан худалдааны компаний даргад салбарын мэдээ (шаардлагатай бол улс төр, эдийн засгийн мэдээ гэх мэт) цуглуулж өгөх англи, япон хэлнээс хятад хэл рүү орчуулах ажилд томилогдсон. Энэ нь маш их хэцүү байлаа. Би эцэст нь Google Translate маш ихээр ашиглаж, түүний муу орчуулгыг нь засахдаа их цаг зарцуулдаг байсан. Би өөрийнхөө орчуулсан юмаараа огт бахархахгүй. Манай компани зуны амралтаар нь хөлсөлсөн их сургуулийн оютнуудын хийсэн гялзалзсан орчуулгатай харьцуулбал миний орчуулга маш муу байсан.

Харин би туршлага багатай залуу хятад оюутнуудаас хэд хэдэн давууталтай байсан. Үүнд:

1. Би хамгийн чадварлаг оюутнуудаас ч илүү англи хэлээр төгс ойлгодог байсан. Нэгэн оюутан 'wet weather' (бороотой цаг агаар)-ыг 'чийгтэй цаг агаар' гэж орчуулсныг санаж байна. Энэ нэлээд энгийн жишээ боловч би зарим томоохон мэдээллийн агентлагаас гарсан орчуулгад ч алдаа гардаг гэдгийг олж мэдсэн.

2. Цаг хугацаа өнгөрөхөд би мэдээн доторхи мэдээллийн ихэнх нь суурь мэдээлэл эсвэл нөхөөс гэж мэдсэн. Жишээ нь, хятад хэл рүү орчуулахдаа би 'Австралийн зүүн хойд нутагт оршдог Квинсланд муж' гэх мэт олон нийтийн хүмүүсийн төлөө тайлбарласан мэдээлэлийг уул уурхайн салбарынхан нийтээрээ мэддэг зүйл учраас, энэ зүйлийн мэдлэгийг орхисон юм. Иймэрхүү байдлаар миний орчуулгын найруулга тааруухан байсан ч үнэн зөв, цэгцтэй байв.

Гадаад хэл рүү орчуулга хийхдээ, аль хэдийн хуримтлуулсан мэдлэгээ дайчлан ажилладаг нь орчуулах чадварт тийм ч нэмэр оруулдаггүй гэж би мэдсэн. Гадаад хэлнээс төрөлх рүүгээ орчуулбал үгсийн сан, илэрхийлэх чадвараа дээшлүүлэх илүү их боломжийг өгдөг.

Бүтэлгүйтлүүд

Он удаан жил бүтэлгүйтсээр л байлаа. Аман орчуулга хийхдээ тэвдэж сандрахдаа алдаа гаргахдаа амархан болсноос хэлмэрч хийхдээ төдийлөн сайн биш байсан. Бичгийн орчуулга хийхэд ч дутагдалтай зүйл байсаар байсан.

Нэг удаа таньдаг япон хүн нөхөр болох хятад уран бүтээлчийн бүтээлийн цуглуулгын оршлыг орчуулахыг надаас хүсч хятад хэл дэх эх зохиол, япон хэлний орчуулгыг хоёуланг нь надад өгсөн. Хятад хэлний эх зохиолын утга нь овоо тодорхой байсан боловч би яаж тохиромжтой сайн найруулгаар орчуулахаа мэдэхгүй байлаа. Миний хувьд уран бүтээлчийн эхнэрийн орчуулсан япон орчуулга нь хоёр хэлний хоорондох ялгааг хүчээр тохируулсан, болхи бүтцээр дүүрэн, тойруу замаар найруулсан, хангалтгүй өгүүлбэр байсан. Би орчуулгыг дуусгаад түүнд өгсний дараа тэрээр сураггүй боллоо. Хэсэг хугацааны дараа нэг япон найз маань надад тэр эмэгтэй миний орчуулгад тун сэтгэл дундуур байсан тухай ярьж хэлж билээ. Миний бодлоор, орчуулга минь илүү хялбар, урлах мэдрэмж дутуу байсан байж магадгүй. Харамсалтай нь тэр эмэгтэй надад ямар ч үнэлэлт дүгнэлт тайлбар өгөөгүй болохоор, би жинхэнэ шалтгааныг хэзээ ч мэдээгүй бөгөөд тэр байдлаас түвшингээ дээшлүүлэх боломж авч чадаагүй юм.

газар хөдлөлтийн дараа бохир усны шугам сүлжээ
Газар хөдлөлтийн дараа бохир усны шугам сүлжээ

Саяхан би япон үйлчлүүлэгчийн газар хөдлөлтийн дараа бохир усны шугам сүлжээг саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар хоёр орчуулгын ажил хийсэн. Эхнийх нь миний үйлчлүүлэгчийн олон нийтэд зориулж хэлэх үг байсан. Би эхийн үгс, бүтэцтэй ойролцоо маягаар орчуулж, энэ нь үйлчлүүлэгчид овоо таалагдсан. Дараагийнх нь эхнийхтэйгээ нь ойролцоо боловч, зарлал учраас зорилго нь маш өөр байсан. Олон нийтийн зарлалын зай хязгаартай, хялбар ойлгогдох үг хэрэгтэй болохоор, би сонгосон үгийг нь хялбарчлаж тоог нь ч багасгаж сайжруулсан. Харин энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэлийг зовоож эхийн орчуулгын хэлбэрт оруулах гэж шөнөжингөө нухсан гэнэ. Энэ удаад би эцэст нь эх зохиолыг сохроор дагадаг муу зуршлаасаа зайлсхийх ур дүй эзэмшсэн ч, инээдэмтэй нь үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг хангаагүй. Үйлчлүүлэгч харваас миний зайлсхийх гэж байгаа тэр орчуулах аргыг хүсч байсан.

Миний сурсан зүйл

Олон жилийн туршлагатай болохоор намайг орчуулгын талаар төгс гэж бодож байж магадгүй, харамсалтай нь тийм биш юм. Гэхдээ олон жилийн турш ийм ердийн орчуулга хийхдээ миний олж мэдсэн, ойлгосон зүйлсийн заримыг нь доор дурьдъя. Үүний ихэнх нь цэвэр эрүүл ухаан боловч 'орчуулга судлал'-ын салбарт бага зэрэг хамааралтай байж болох юм.

1. Орчуулга бол зорилгод чиглэсэн үйл ажиллагаа, зөвхөн зорилгын талаас ойлгох боломжтой.

Туйлын тохиромжтой зөв орчуулга байдаггүй. Зөвхөн зорилгодоо нийцсэн орчуулга байна. Орчуулгыг ихэвчлэн 'хууль ёсны орчуулга', 'утга зохиолын орчуулга' гэх мэтчлэн хуваадаг. Энэ нь зөвхөн зорилгоор нь хувааж байгаа юм.

  • Хэрэв АНУ-ын элчин сайдын яам эх зохиолыг үгчлэн орчуулсан, эхтэй тодорхой холбоотой орчуулгыг хүсч байвал, энэ нь зайлшгүй шаардлага;

  • Хүмүүсийг ятгах, сэтгэгдэл төрүүлэх шаардлагатай бол, хүмүүсийг ятгах үгсийг жигд хэрэглэх ёстой;

  • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд сонирхогчийн сэтгэлийг нь татам болгох зорилготой орчуулга нь сэтгэл татам байдлаар танилцуулах ёстой;

  • Хэрэв орчуулга нь улс төрийн шаардлагыг хангах хэрэгтэй бол таарсан үгсийг хэрэглэх ёстой. (Жишээ нь, Хятад улсын хилийн чанадад зориулсан мэдээллийн нэг асуудал бол гадаадад байгаа уншигчдад сэтгэгдэл төрүүлэх зэрэгцээ, улс төрийн шаардлагыг хатуу баримтлах гэдэг хоёр зорилго харилцан зорчилддог);

  • Хууль эрх зүйн орчуулга нь, агуулга нь хуулийн, цоорхойгүй, эрх зүйн баримт бичгийн хэв маягтай, хууль дээр няцаагдашгүй байх ёстой;

  • Улс төрчдөд зориулсан орчуулга нь тэдний улс төрийн асуудалд яаж нөлөөлөхийг мэдрэх мэдрэмжтэй байх хэрэгтэй;

  • Дипломатын орчуулга нь дипломат хэлбэрийн онцлог хэлбэр, хэлийг дагаж мөрдөх ёстой;

  • Гол мэдээллийг шаарддаг орчуулга нь үнэн зөв, хэрэгцээг хангадаг байх ёстой. Хичнээн ч сайхан өнгөлсөн орчуулга байсан ч тоо баримт алдаатай байвал хэрэгцээ хангахгүй муу орчуулга болно;

  • Уран зохиолын орчуулга нь уншигчдад уран сайхан мэдрэмж өгөх зорилготой. Гүн ухаан сэтгэлзүйн сонгодог зохиолыг сонгодог зохиол шиг уншигддаг, адал явдалт зохиолыг адал явдалт зохиол шиг уншигддаг, хошин зохиолыг хошин шог зохиол шиг уншигддаг байх хэрэгтэй;

  • Alexander Pope
    Александр Поуп (Wikipedia)
  • Уран зохиолын орчуулгын шаардлага мөнхөд тогтоосон зүйл биш. 18р зууны английн яруу найрагч болох Александр Поуп (Alexander Pope) Хомер (Гомер)-ийн туйлыг тэр үеийн шүлэглэсэн хэлбэрээр орчуулж, үгийг нь нэмж, хасч, сольсон боловч хүмүүст сайшаагдсан. Харин одоо цагийн хүмүүс эртний үеийн хүмүүсийн жинхэнэ үг хэллэг найруулгыг хүсэх болсон байна.

  • Хувиараа өөрийнхөө хэрэгцээг хангах орчуулга нь хэвлэлээс гаргаж олон нийтэд түгээх орчуулгаас өөр "уншигчидтай" учраас, тавих шаардлага ч мөн тийм ажээ.

  • Түүхэн баримтын орчуулга, ихэвчлэн тайлбартай, эрдэм шинжилгээний орчуулга нь утга зохиолын найруулгатай байх шаардлагагүй. Утга зохиолын орчуулга нь эрдэм шинжилгээний найруулгатай байх ч албагүй. Гэхдээ энэ хоёрын аль аль нь зохицолдолгоотой байх нь тохиромжтой.

  • "Бяцхан хунтайж" шиг үлгэрийг эх зохиолыг бүгдийг нь хэвээр нь орчуулах, хүүхдүүдэд зориулсан үлгэр шиг орчуулах гэдэг хоёр маягийн орчуулга чухал. Хүүхдүүдэд зориулж орчуулахад мэдээж үг найруулгыг өөрчлөх шаардлага арвин гардаг.

  • Харамсалтай нь бодыт байдалд орчуулга хийх зорилго нь уншигчдад тохиромжтой орчуулга бус, хагас дутуу гадаад хэл мэддэг үйлчлүүлэгчийг хангах хэрэгтэй байдаг. Өмнө өгүүлсэн япон үйлчлүүлэгч шиг. Ялангуяа ийм асуудал Японд түгээмэл байдаг.
    За, нөхцөл байдлыг ойлгосон байх аа ...

2. Хэдийгээр орчуулгын программ зохион бүтээсэн ч орчуулга бол хүний төлөө хийсэн хүний үйл ажиллагаа юм.

Хамгийн гол нь орчуулга бол орчуулагчийн орчуулахдаа хийсэн сонголтын үр дүн. Тэр сонголтууд нь орчуулгын ерөнхий хэв маяг, өнгө аяс, нарийвчлал байдлыг тодорхойлдог.

Орчуулагчийн олон нөхцөл орчуулгын чанарт нөлөөлнө.

  1. Орчуулагч хир зэрэг эх зохиолоо ойлгож байна вэ? Орчуулагчийн үл ойлгосон байдлаас болж орчуулгын чанар муу болдог нь гүгээмэл байдаг.

  2. Орчуулагчийн орчуулга, тухайн чиглэлийн туршлага. Орчуулагчид тухайн сэдвийг ойлгох, зохих хэв маяг, үгийн олон утга, найруулгын хэв маягийг олж авахдаа маш их цаг зарцуулах шаардлага тулгарна.

  3. Орчуулагч үг, үгийн хэрэглээндээ арвин баялагтай байх хэрэгтэй. Зарим хүмүүс сайн найруулга, баялаг үгийн сан, үг хэллэгийг мэдрэх мэдрэмж, үг зохиогчийн ертөнцийг үзэх үзэл зэрэг янз бүрийн хэлбэрийн уран зохиолыг судалж сайн орчуулагч болдог. Зарим хүмүүс арай доор.

  4. Орчуулагчийн өвөрмөц шинж. Орчуулагчид эх зохиолыг орчуулах өөрийн гэсэн аргуудтай. Сонины нийтлэлийг орчуулахдаа өөрийнхөө аргыг хэрэглэдэг байсан манай элчин сайдын яамны орчуулагч гэх мэт, бүх орчуулагчдад өөрийн арга барил байдаг. Энэ нь орчуулгын хэв маягт ихээхэн нөлөөлөх боломжтой.

  5. Орчуулагчийн суурь. Орчуулагчдийн "автоматаар" орчуулах зуршил нь ер нь сургуульд анх удаа гадаад хэл сурч эхэлсэн үеэс олж авч болно гэж би бодож байна. Харин ийм зуршлаас ангижрахад хэцүү.

3. Ихэнх орчуулга чухамдаа үгчилсэн орчуулга.

Махчлан орчуулахаас зайлсхийж, аль болох эх зохиолынх нь утгыг тэр хэвээр нь уншигчдад өгөх ёстой гэж байнга уриалдаг боловч бодыт байдалд эх зохиолын үгсийн сонголт, үгсийн дараалал нь бүх орчуулгын эхлэл юм.

Зөвхөн дадлагагүй орчуулагч эх зохиолыг анх удаа хараад үг тус бүрийг зөнгөөрөө орчуулдаг юм биш. Туршлагатай орчуулагч ч бас ингэдэг. Учир нь эх зохиолын түүхий эд бол үг юм. Бодит байдалд эх зохиолын үгсийн сонголт, үгсийн дараалал нь бүх орчуулгын эхлэл юм. Ур чадвараа дээшлүүлэхийн тулд орчуулагч эхийн нарийн хэлбэрт хэт их санаа зовохоос зайлсхийх хэрэгтэй. Энэ зуршлаа нэг шөнийн дотор засаж чадахгүй. Жишээ нь япон хэлний mo-г автоматаар үгчлэн орчуулахаас зайлсхийхтэй адил, нарийн бүтцийг тогтсон хэлбэрээр орчуулахаас зайлсхийх гэдэг энгийн зүйлээс эхэлж болно. Мэдээжийн хэрэг зарим хүмүүс бичих чадвартай, тэдэнд сэтгэл татам уянгалаг сайн зохиолыг бичихэд бусдаас бэрхшээл бага байдаг. Гэхдээ ямар ч орчуулга бүтэн зохиол бичихтэй адил, хүчин чармайлт хэрэгтэй.

Цогц хүрээний судалгаа нь харьцуулж болох орчуулгын өвөрмөц онцлогийг онцолж, орчуулга эх зохиолоос хэрхэн ялгарч байгааг тодорхойлж, орчуулагчийн ур чадвар, дадал хэвшил, найруулгын өвөрмөц шинжийг тодорхой болгох боломжтой байдаг гэж би бодож байна.

(Аман орчуулга нь дээрх аргаас онцгой байдаг. Хэлэлцээ, тухайн газар дээр шууд орчуулага хийхдээ орчуулагч үг тус бүрийн утгыг бус, ерөнхий мэдээллийг нь дамжуулдаг үг, бүтцийг орчуулах аргаас зайлсхийх нөлөөтэй учраас аман орчуулга хийх туршлага нь бичгийн орчуулагчдад ч тустай байна.)

4. Стандарт болсон олон улсын нэр томъёоны үүрэг бусдад анзаардагддаггүй.

Орчин үеийн "орчуулга" гэгч юм ихэнх нь стандартчилсан нэр томъёог мэдэх гэсэн үг. Дэлхийн гол хэлний орчуулагчид байнга зөвхөн бэлэн үгийг л орлуулах хэрэгтэй. Жишээ нь, 'economic' гэдэг үг европын хэлээр économique (Франц хэл), ökonomisch, wirtschaftlich (Герман хэл), económico (Испани хэл), экономический (Орос хэлээр) гэх мэт тогтсон дүйх үгтэй. Азийн хэлэнд ч 経済(的) keizai(-teki) (япон хэл), 經濟 / 经济 jīngjì (хятад хэл), 간결한 gangyeolhan (Солонгос хэл) гэх мэт үг байна. Монгол хэл түүхээс шалтгаалан "эдийн засгийн" (Монгол), "аж ахуйн" (өвөрмонгол) хэмээн хоёр үг байна.

Харин 150хан жилийн өмнө орчуулга хийдэг хүмүүст ийм тогтсон нийтлэг үг байдаггүй байсан. Европын хэлнээс бусад хэлэнд "эдийн засаг" гэдэг үгний тогтсон дүйх үг байхгүй байсан. Шинэчлэлт буюу өрнөджилтийн явцын дунд 19-р зууны орчуулагчид цоо шинээр дүйх үгийг зохиож, одоогийн үгийн сангийн суурийг тавьсан юм. Тиймээс, одоогийн орчуулагчийн хувьд, жишээ нь "Свахили хэлээр 'эдийн засгийн' гэдэг санааг яаж илэрхийлэх вэ?", "Свахили хэлээр 'эдийн засгийн' гэдэгтэй дүйх үг юу вэ?" гэдэг хоёр шал өөр асуулт болно. Одоо стандартчилсан шинжлэх ухаан, технологиос гадна спортын салбарт ч олон улсын нэр томъёо маш нийтлэг болсон. Тиймээс "орчуулга" гэдэг нь ухаан сийлэх бус, цээжилсэн дүйх үгээ гаргах эсвэл толь бичиг харахтай адил амархан ажил болсон. Компьютерийн орчуулга бас энэ төрлийн нэр томъёонд маш их түшиглэдэг.

Төгсгөл

Сүүлийн хэдэн арван жилд орчуулга судлалын салбарт олон шинэ хандлага дэлгэрч ирлээ. Үүний дотор цогц хүрээнд хэрэгжүүлсэн судлал ч их байна. Эдгээр нь шинэлэг ололтууд болсон. Америкийн хэлшинжлэлч Чомскийн онол бол бодыт зүйл бус оюун ухааны хийсвэр объектийг судлах зорилготой. Олон судлаач Чомскийн "хүслэн яригч, сонсогч"-той адилхан, "хүслэн орчуулагч" байдаг гэж бодож байгаа юм шиг байна. Харин миний хувьд "хүслэн орчуулагч" буюу хийсвэр орчуулагч гэдэг юм байдаггүй, эхийг орчуулах хүслэн арга ч бас байдаггүй. Ихэнх орчуулга зорилгоосоо хамаардгийг бодолцох хэрэгтэй гэж үзэж байна.